Оон сууцны үнийн ерөнхий индекс есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.
Орон сууцны барилгын өртөг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх улирлаас 5.1 хувиар буурсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Өмнөх улирлаас буурахад материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин орон сууцны үнийн ерөнхий индекс есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсныг “Тэнхлэг зууч” компанийн тайланд дурджээ.
Монгол Улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн, валютын нөөц зэрэг макро үзүүлэлтүүд өсөлттэй байгаа ч энэ онд барилгын салбар төдийлөн сайнгүй байгааг салбарынхан онцолж байна. Тухайлбал: төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламж цөөрсөн, барилгын салбарт зээл олгохгүй байгаа, ипотекийн зээл олголт буурсан зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байгаа аж.
Түүнчлэн барилгын салбарт борлуулалт өмнөх оноос эрс буурснаар барилгын төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн хооронд бартерын харилцаанд орж байгаа, мөн бэлэн мөнгөний хомсдол зэрэг нь эргэлтгүй болоход нөлөөлж байгааг салбарынхан онцолж байсан юм.
Иймд тус салбарыг дэмжихэд төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын санхүүжилтийг саадгүй олгож, дуусаагүй барилгуудын ажлыг дуусгах, үр ашиггүй барилга дэд бүтцийн ажил шинээр эхлүүлэхгүй байх, үр ашигтай томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотой концессоор хийх хэрэгтэй гэж Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодотгож байв.