Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.11.16/ цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт холбогдсон талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар 204 хэрэг бүртгэлийн хэргийг шалгаж байна. Бид “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулж, олон арга хэмжээг зохион байгуулсан.
Ингэснээр нийт 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансыг царцаасан, тэнд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг бас царцаасан, мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 фэйсбүүк пэйжийг устгуулах хүсэлтийг Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.
Мөн цагдаагийн байгууллагаас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран долоо хоног бүр шалгалт хийж, 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Тухайлбал, 2023 оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан. Хууль бус орлогоороо их хэмжээний эд хөрөнгө худалдан авч, цагдаагийн байгууллагын алба хаагчдад нөлөөлөхийг оролдсон тохиолдол гарч байгааг онцолсон юм.