Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь ШШГЕГ-ын харьяа 413 ангиас өнгөрсөн сард шилжүүлж, Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид шилжүүлсэн билээ.
Зүүнхараа дахь цагдан хорих анги Д.Мөнх-Эрдэнийг дарамтад оруулж, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл гарсан ч ШШГЕГ болон ХЭҮК, Хууль зүй дотоод хэргийн яамнаас үгүйсгэж байсан. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ цагдан хориход ямар байдалтай байгаа талаар захидал илгээж, Улсын мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ.
Тэрээр 413-р хорих ангийн дарга нарт яргалуулж, эрүүдэн шүүлгэсэн тухайгаа “2023.10.12-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413-р хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамтан улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан, нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14.00-17.00 цагийн хооронд намайг гар шилэн хүзүүнд салаавчлан авахуулж, явган суулгаж, доош харуулж шал ширтүүлж, шалдалж гүйлгэж, хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиулж, зодож эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” гэж бичжээ.
Гомдлын гар бичмэлтэй танилцана уу.