Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 бүртгэлтэй байна. Үүнээс:
- Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь,
- Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь,
- Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлдэг.
Эдгээр автомашины нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 20 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Байрны гаднах автомашины толийг хугалаад аваад явчихдаг асуудал арав гаруй жилийн өмнө гардаг байсан. Энэ бол хулгай. Харин автомашины янданг тайлаад сууж байдаг хулгайч гэж юу байх вэ. Нэг бол приус автомашин зарж байгаа хүмүүс анх орж ирэхэд нь л янданг тайлж аваад хүнд борлуулж байгаа. Эсвэл жолооч өөрөө үүнтэй, үүнгүй болно, үзлэгт аргалчихна гээд яндангаа зарчхаж байгаа юм. Түүнээс ямар юмны хулгай байх вэ, эрүүл ухаанаар бодоод үзээрэй. Яндан хулгайлж байна гэдэг ёстой худлаа” гэлээ.
Монгол Улсын стандарт MNS 5013 : 2009 бензин хөдөлгүүрт автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэмжих арга гэдэг стандартын дагуу хэмжихэд нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь нүүрсэн яндантай тээврийн хэрэгслээс 4.5 дахин их хэмжээний хорт бодис ялгаруулж байгааг Стандарт хэмжилзүйн газрын дүгнэлтэд дурджээ.
Тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг дээрх тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, эсхүл яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлөөр хэмжиж, харьцуулдаг байна.