Эрүүл мэндийн сайд Б.Чинзориг “Томуу, төст өвчний дэгдэлт идэвхжилийн түвшин буюу хоёрдугаар шатад байна. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэгээр нийт иргэдийн 5.5 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлсэн байна. Ийм идэвхжилийн түвшинд байгаа учир хичээл сургууль завсарлуулах, амралтыг урагшлуулах, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй байна.
Ер нь, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх 300 мянган тун томуугийн эсрэг вакциныг худалдан авч, хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулах арга хэмжээ авсан.
Өнөөдрийн байдлаар эрсдэлт бүлгийн хүн амыг 89.8 хувь нь вакцинжуултад хамрагдсан байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагад тасалдсан эм, тариа байхгүй. Эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна. Мөн амбулаторийн үйлчилгээг уртасгасан цагаар өнөөдрөөс ажиллуулж, ӨЭМТ-ийг амралтын өдөр уртасгасан цагаар ажиллуулж байна.
Ялангуяа хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир их нялхас, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр дээр резидэнт эмч нарыг ажиллуулах, АШУҮИС-ийн сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны 90 оюутныг сувилагчийн туслахаар ажиллуулахаар болсон” гэлээ.