Кембрижийн их сургууль Монгол Улсын Засгийн газартай хамтарч Чингис хааны өвийг судлах болжээ. Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа нь судалгааг гүнзгийрүүлэх болон эрдэм шинжилгээний харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилготой. Судалгаанд Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын тэнхим оролцоно.
“BBC” агентлаг Чингис хааныг “Харгис гэдгээрээ танигдсан ч агуу дипломатч, шинийг санаачлагч, захирагч гэдгээрээ хүндлэгддэг” хэмээн онцлов. Мөн “Олон сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг байлдан дагуулж, монгол үндэстнийг үндэслэгч” гэжээ.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ тус хамтарсан судалгааг хийхээр тохирсон.
Кембрижийн их сургуулийн профессор Дэвид Снит хэлэхдээ “Энэ бол домог ярианы цаадах бодит түүхийг судлах үйл. Бид зөвхөн Чингис хаанаар тогтохгүй түүний өвийг сонирхож байна. Бид Чингис хаан, түүний нөлөөллийн талаар гүнзгий судлахыг хичээж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC