Нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн баримт дэлгэгдэж, хуулийн байгууллагад шилжээд байна. Тус сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал, өнөөгийн Засаг дарга Х.Нэхийт нар 2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 40 хуулийн этгээдэд 457.3 га газрыг олгожээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль, тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл учраас Ерөнхийлөгчийн зүгээс яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох чиглэлийг өгөөд байна.
Тэгвэл нутгийнхаа газраас гадаадын компаниудад эзэмшүүлсэн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөнийг ХОМ-ээс нь танилцуулж байна. Түүний өөрийнх нь орлого 2020 онд 380 сая байсан бол 2021 онд 613 сая болон өсөж, 2022 онд 290 сая буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2020 онд 28 сая байсан бол 2021 онд 37 сая нэмэгдэж, 2022 онд 97 сая бол огцом өссөн байна. Мөн малын үнэлгээ нь 232 саяас 629 сая төгрөг, үнэт эдлэл нь ч 85 саяас 105 сая төгрөг болж, жил дараалан нэмэгджээ.
Түний тээврийн хэрэгслийн тоо болон эзэмшдэг газрын хэмжээ нэмэгдсэн байна. Тэрбээр 2020 онд нийт 3 тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2021 онд 4, 2022 онд 5 машинтай болжээ. Үүнээс гадна 2022 онд шинээр 1600 м2 газрыг эзэмшилдээ авчээ.