УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого арга хэмжээний талаар” ХХААХҮ-ын сайд Х.Болорчулуун илтгэл тавилаа.
Илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Монгол адууны талаар асуумаар байна. Мөн залуу малчдын асуудал Үндэсний аюулгүй байдлын асуудал. Залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь бас чухал байна. Эдийн засгийн бодлогоор дамжсан тогтолцооны өөрчлөлт хийх талаар олон удаа ярьж, асуудал тавьсан. Хариулт өгнө үү” хэмээн асуулаа.
Асуултыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулахдаа “Баруун аймгаас сонгогдсон гишүүд баруун аймгуудад дотоодын үйлдвэрлэл байхгүй учраас гурил бусад газраас үнэтэй байдаг. Иймд гаднаас оруулаач гэх асуудлыг тавьж байгаа.
Баруун аймгуудад төвийн болон зүүн бүсээс 20 хувиар үнэтэй гурил хэрэглэж байгаа нь үнэн.30 жил бид 10, 20 хувийн хямд гэж бүх юмыг харсаар байгаад гаднаас бүгдийг валютаар авч үндэсний үйлдвэрээ цохилтод оруулсан. Удахгүй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хуралдах бөгөөд тус хурлаар үүнийг хэлэлцээд баруун дөрвөн аймгийн тодорхой хэмжээний гурилын хэрэгцээг хангах, мөн тухайн аймгийн аж ахуйн нэгжүүд гурил оруулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн
- Уралдааны морьдыг хүний оролцоотойгоор хэмжих бус ХХААХҮЯ-наас автоматаар хэмжих төхөөрөмжийг судлуулаад, амжилттай явна. Зунаас морьдыг хүний оролцоогүй хэмжих, зөв шударга хэмжээс гаргах асуудлыг шийдвэрлэх чиглэлтэй байгаа.
- БНХАУ-ын 78 сая ам.долларын зээлээр махны үйлдвэр байгуулах асуудал яагаад зогссон бэ гэж асуусан. Анх 78 сая ам.доллароор 12 үйлдвэр барина гэсэн нь сүүлдээ дөрөв болсон. Үнийг нь харахад 2-3 дахин өндөр үнэтэй үйлдвэрүүд байсан тул ХХААХҮЯ-ны зүгээс Сангийн яаманд өндөр үнэтэй төслийг зээл авч хэрэгжүүлэх нь зохисгүй гэх бичиг өгсөн. Өндөр өртөг бүхий махны үйлдвэрүүдийг улсын зардлаар зээлээр барих нь зохимжгүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгө оруулаад махны үйлдвэр барьж байхад дундуур нь улс зээл авч барих нь зохимжгүй гэх үүднээс хориглоод байгаа.
- Залуу малчдын талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг өөрөө өргөн барих гэж байгаа гэсэн. Тэрийг хараахан хараагүй байгаа. Засгийн газраар хуулийг хэлэлцэх болно. Малчдад анхаарч байгаад талархал илэрхийлье” гэлээ.