Татварын ерөнхий газраас “Оюу толгой” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Тодруулбал, “Оюу толгой” компанийн 2020-2022 оны татвар төлөлт дээр мөн хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар өмнө нь татварын акт тавьж байсан зөрчлүүд хэвээрээ байгаа учраас дахин татварын акт тавихаар болсон байна. Тодруулбал, 200 гаруй тэрбум төгрөг буюу 70-80 сая ам.долларын татварын акт тавихаар ярьж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын Татварын алба “Оюу толгой” компанид хэд хэдэн удаа татварын акт тавьж байна. Хэрвээ “Оюу толгой” компани шинээр гарах татварын акттай санал нийлэхгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл арга хэмжээ авах боломжтой.
Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанитай татварын маргаантай байгаа билээ. Учир нь өмнө нь манай Татварын албанаас хоёр ч удаа тус компанит нийт нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан. Тодруулбал, 2018 онд Монголын татварын албанаас “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг.
“Оюу толгой” компани энэхүү татварын актаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая.долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Мөн хоёр жилийн хугацаанд талууд татварын маргааны асуудлаар удаа дараа уулзалдаж, ойлголцолд хүрэхээр ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс “Рин Тинто” групп 2020 онд Лондоны Арбитрын шүүхэд хандсан. Харин манай Засгийн газар тус асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус асуудал шийдэгдээгүй байгаа юм. Учир нь “Рио Тинто” групп аль болох зөвшилцөж маргаанаа шийдвэрлэе гэдэг хүсэлт гаргасны дагуу маргаан түр түдгэлзээд байгаа бөгөөд энэ хугацаа арванхоёрдугаар сарын 31-ээр дуусна.