Сүүлийн үед шатахуун нийлүүлэлтийн доголдол, эрчим хүчний асуудал гээд манай улсад асуудал мундахгүй байна.
Иймд эрсдэлийн менежменттэй болох ёстойг Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр “Засгийн газар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. V цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ Б.Чойжилсүрэн сайд аа. 10, 20 жил ярьж байна.
Хүмүүсийг цочирдуулаад, бүх приус машин нэг дор банкаа дүүргэхэд манайх 10 сая литр шатахуун дутагдах юм байна лээ. Манайх шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр л нөөцийн сав байсан. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Одоо нөөцийн савгүй.
Улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар, Монголбанк ярьж байгаад нөөцийн савыг санхүүжүүлэх хэрэгтэй.
Газрын тосны үйлдвэр бас яасан. Нэг үл үзэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Цахилгаан станц ч тэр, газрын тосны үйлдвэр ч тэр. Тэр үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй” гэв.