Монгол улсын шигшээ баг анх удаа ФИБА 2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа билээ.
МСБХ-ноос 4 жил тутам зохион байгуулагддаг Ази тивийн хамгийн том сагсан бөмбөгийн тэмцээнд 🇲🇳Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын иргэн Василис Фракиастай хамтран ажиллахаар тохиролцож хамтын ажиллагааны гэрээг байгуулан албан ёсны боллоо.
Багийн амжилтаас шалтгаалж гэрээний хугацааг 2025 оны Азийн аваргыг дуусах хүртэл хийсэн ба Залуучуудын 2-р шигшээ баг байгуулан шигшээ багийн залгамж бэлдэх, өөрийн онцлогт таарсан шигшээ багийн хөтөлбөртэй болох зэрэг хөгжлийн томоохон алхамуудын хамтран хийн хэрэгжүүлж, суурилиулах зорилгуудыг тавьлаа.
МСБХ-ны 2023 оны IV улирлын Улирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан ба уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарласан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэнэ.
Мөн багийн скаут буюу тоглолт судалгаанд туслахаар Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдлээ. Үүн дээр шигшээ багт ажиллаж байсан Ц. Азбаяр, Б. Тамжид, Ч. Ижилболд дасгалжуулагчид ажиллана.
Гадаад мэргэжилтнүүдийн Монгол улсад 3 жил ажиллаж, манай тоглогчдын ур чадварыг мэдсэн туршлага нь гол шалгуур байсан болно.
Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай хийнэ.
Монгол улсын шигшээ багт тавтай морил Ноён Василис Фракиас! Дасгалжуулагчиддаа амжилт хүсье!