Улаанбаатар хотын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Цагдаа хэмээх цаг наргүй ажлын төлөөх их албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийгээ сугадуулан шатаар алхах нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөлөө. Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү үйл ажиллагааг Онцгой байдлын Ерөнхий газар, Автобусны компаниуд болон олон газруудтай хамтран зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллагааанд гал голомтоо бадраагаад олон жил хамт амьдарсан цагдаагийн алба хаагчид оролцсноороо онцлогтой юм. Олон хүүхдийн ээж аав болсон ч ийнхүү хуримын ордонд гэрлэх ёслол хийж байгаа алба хаагчдад гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд, мөрдөс нэгтэй алба хаагчид оролцож баяр хүргэлээ.