Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед газ тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэл шатаж дэлбэрсэн хэрэг гарсан.
Уг асуудлаар ЦЕГ-аас хэрэг бүртгэлт нээн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Эхний ээлжинд камерын бичлэг, дэлбэрэлт үүсэхэд нөлөөлсөн байж болзошгүй шалтгаан нөхцөлийг судалж, мэдээлэл цуглуулах ажлыг хийж байгаа аж. Мөн сэжигтнүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Өчигдөр орой газ тээвэрлэж явсан жолооч болон хажуугаар нь эргэлт хийсэн Потрал маркийн автомашины жолоочийг 48 цагийн хугацаатай түр сатуулсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр тус хэргийн сэжигтэн Р, М нарыг тус тус 48 цагийн хугацаатай түр баривчилсан гэж тайлбарлав.
Түүнчлэн, гал гарах, дэлбэрэлт үүссэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд урьдчилан дүгнэлт энэ долоо хоногт гарч магадгүй аж.