Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад өдрийн хоолны мөнгө 9,500 төгрөг өгдөг.
Харин алба хаагч нас барсан тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу сүүлийн 10 жилийн цалинг хамгийн өндрөөр тооцож, тэтгэмжийг олгодог байна.
ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг гурав ангилдаг.
- Техник
- Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл
- Өдөр тутмын хувцас хэрэглэл.
Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Toyota загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа юм.
Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг.
Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг.
Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт байдаг. Тухайлбал галын хувцсанд тэдэн градуст тэсвэртэй байх шаардлага тавигддаг.
Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас Монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг юм” хэмээн ярилаа.
Энэ жил хэчнээн төгрөгөөр хувцас хэрэглэл авах тухайд “Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад ордог.
2023 оны 7-8 дугаар сард үер болох үеэр Засгийн газраас онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гаргаж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж энэ жил худалдаж авна” гэсэн мэдээллийг өглөө.
Дөрвөн алба хаагч дундаа нэг хувцастай гэх мэдээллийн тухайд “Тусгай зориулалтын усны хувцас өндөр үнэтэй байдаг. Дотроо усны хуурай болон нойтон гэж ангилагддаг бөгөөд хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай байгааг Г.Ариунбуян дарга хэлсэн” хэмээн тайлбарлав.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид төрийн тусгай албан хаагчидтай адил цалинтай. Гамшиг ослын голомтод ажилласан үед тодорхой нэмэгдлүүд авдаг байна.