Улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Н.Номтойбаярыг сонгожээ.
Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV Их хурал болон Монгол ардчилсан намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулахаар болсон. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлажээ.
Тэрээр улс төрийн илтгэлдээ “Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж үзнэ гэлээ. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэжээ.
Үндэсний эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай, нэг улс төрч, мянган мэргэжилтэн бодлого баримтлах юм байна.
“Үндэсний эвсэл” байгуулах ёслолын арга хэмжээний үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч улс төрийн шинэ хүчийг итгэл даах зан чанар, зориг зүрх, арга туршлагатай удирдагч тэргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Н.Номтойбаярыг сонгосон гэлээ. “Үндэсний эвсэл”-д нэгдэж буй Монгол ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хэмээн шинэ тэргүүнийг сонгосон гэдгээ илэрхийлэв.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, эрч хүчтэй, айдасгүй нийгэм, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.