“Оюу толгой” компани 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. Тус компани Өнгөрөгч оны гуравдугаар сарын 13-нд гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн. Ингэснээр компанийн борлуулалт 9 хувиар, өсөж, 6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны улсын төсвийн нийт орлогын 1/4-тэй тэнцэнэ.
Гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэх зорилгоор 14 хүдэр булгуурыг дөрөвдүгээр улиралд тэсэлжээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшний нийт хүдэр буулгуурын тоо 86 болсон байна. Ингэснээр 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилт дэвшүүлжээ.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байна.
2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна гэв. Туузан дамжуургыг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулна. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, энэ оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байна.