ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор Аюушхүүгийн Цэнджав сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Гавьяат эмч цол хүртлээ.
Энэхүү нарийн түвэгтэй мэс заслуудын 50-60 хувь нь нярайн элэг, цөс, хавдрын мэс заслууд байсныг мэргэжлийн хамт олон, төр засаг өндрөөр үнэлсэн нь энэ юм. Төрөлхийн цус сувгийн битүүрэлтэй, элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай нярайг оношилж, нэг сар хүрээгүй байхад нь элэг шилжүүлэн суулгахад бэлдэх гасай хагалгааг А.Цэнджав эмч болон Ерөнхий мэс заслын тасгийн алтан гартай эмч нар хийж байна.
Айл гэрийн хойморт амьд симфони эгшиглүүлж, аз жаргал бэлэглэгч, хүүхэд нь өвдөж сэтгэл гундуухан яваа эцэг, эхчүүдэд урам хайрлаж, алиа хошин яриагаараа инээд бэлэглэж байдаг сэтгэл зүйч гэж А.Цэнджав эмчийг хүндэтгэдэг. “Ар халхын алдарт мэс засалч Аюушхүүгийн Цэнджав” хэмээн ард түмэнд хүндлэгдсэн Цэнджав эмчийн Монголын хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн хөдөлмөрийг төр үнэлж, алдаршууллаа.
ЭХЭМҮТ-ийн хамт олон өчигдөр шинэхэн Гавьяат эмчдээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор Ш.Алтантуяа, “А.Цэнджав эмч манай хамт олны эрхэмлэн хүндэлдэг хүмүүсийн нэг билээ. Таны Монгол Улсын анагаах ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг хамт олон цаашлаад улс, эх орон үнэлэн хүндэлж төр засгийн дээд шагналаа өгчээ. Хамт олондоо үргэлж үлгэр дууриалал болж, бусдыг эерэг сайн сайхан бүхэнд уриалан дагуулдаг эмчдээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.