Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутгийн сургууль, цэцэрлэгийн улирлын амралтын хуваарьт зохицуулалт хийхийг даалгалаа.
Тодруулбал, Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдлаа.
Нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.