Орон нутгийн иргэд хувийн унаагаар Улаанбаатар хотод зорчих, 48-аас дээш цаг байх тохиолдолд нэмэлт төлбөр төлөх тухай тайлбарыг Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг өглөө.
Тэрээр “Зам ашигласны төлбөрийг дундаж гүйлттэй харьцуулж, 700 мянган машиндаа хувааж үзэхэд жилд нэг машин нэг км зам ашиглахдаа хоёр төгрөг л төлж зорчдог. Бодит нөхцөл дээр нэг км зам барихад 1,5 тэрбум төгрөгөөр барьдаг.
Маш өндөр өртөгтэй замыг бид бага төлбөрөөр хэрэглэж байгаа.
Хөдөө орон нутгаас хот руу хувийн унаагаар орж ирж байгаа иргэд товчоогоор орж ирэхдээ 1000 төгрөг төлж орж ирдэг.
Тэгвэл НИТХ-аас 48 цаг дотор орон нутгийн иргэд хот руу ороод гарахад 1000 төгрөгийн хураамжийг хэвээр үлдээсэн. Харин 48-аас дээш цаг Улаанбаатарт байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлнө.
Шөнөдөө орж ирээд үүрээр бөөний төвүүдэд мах, сүүгээ зараад эргээд нутаг буцаж байгаа болохоор Мах, сүү борлуулах орон нутгийн иргэдэд ямар нэгэн дарамт учрахгүй” гэдэг тайлбарыг өгчээ.