НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 20 /AFP/. Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсныг Дэлхийн аз жаргалын тайлан харууллаа. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг юм.
Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр үлдсэн байна. Харин 2020 онд талибуудын хяналтад орсноор хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд буй Афганистан улс 143 орныг хамарсан жагсаалтын сүүлийг мушгилаа.
Дэлхийн аз жаргалын тайланг 10 гаруй жилийн өмнөөс гаргаж эхэлснээс хойш АНУ, Герман улсууд анх удаагаа хамгийн аз жаргалтай 20 орны тоонд багтаагүй бөгөөд 23 ба 24 дүгээрт бичигджээ. Тус хоёр улсын оронд Коста-Рика, Кувейт эхний 20-д багтан 12, 13 дугаарт жагссан байна.
Хамгийн аз жаргалтай улс орнуудын тоонд хамгийн олон хүн амтай улсуудын аль нь ч багтаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Тодруулбал, эхний 10-т бичигдсэн орнуудаас зөвхөн Нидерланд, Австрали хоёр 15 саяас дээш хүн амтай байгаа бол эхний 20-д орсон улсуудаас зөвхөн Канад, Их Британи хоёр 30 саяас дээш хүн амтай.
Аз жаргалын түвшний үзүүлэлт 2006-2010 оноос хойш хамгийн их буурсан орнуудад Афганистан, Ливан, Йордан орсон бол Серб, Болгар, Латви зэрэг Зүүн Европын орнуудад хамгийн ихээр нэмэгджээ. Уг үзүүлэлтийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, хүмүүсийн өглөгч өгөөмөр байдал, эрх чөлөө, авлига зэрэгт үндэслэн гаргадаг.
“Финландчууд байгальтай ойр байж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалдаг нь амьдралдаа сэтгэл ханамжтай байхад голлон нөлөөлдөг” гэж Финландын Хельсинкийн их сургуулийн аз жаргал судлаач Женнифер Де Паола ярилаа.