ОХУ-тай залгаа хилийн зарим хэсэгт төмөр торон хашаа босгох төлөвлөгөөг Финландын улс төрийн гол намууд дэмжжээ.
Хил хамгаалах газрынхаа дэвшүүлсэн саналыг тус улсын ерөнхий сайд Санна Марин болон улс төрийн гол намуудын төлөөлөл бүрэн дэмжсэнийг YLE телевиз мэдээлсэн байна.
Төсөв батлагдмагц ажил эхлэхээр болсныг бас мэдээлжээ.
Сүүлийн үед тус хилээр цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэд хууль бусаар нэвтрэх оролдлого нэмэгдэж байгаа.
Үүнээс гадна Оросын эрх баригчид дүрвэгсдийн зохиомол урсгал санаатай зохион байгуулж, гибрид дайн явуулах эрсдэлээс Хельсинкийн эрх баригчид болгоомжилж байна.
ОХУ-тай залгаа хилийн шугамын 20 орчим хувийг эзэлдэг хэсэгт хэдэн метрийн өндөр, өргөст тортой хашаа босгож, камержуулах төлөвлөгөөг өнгөрсөн сард Финландын хил хамгаалах газар гаргаж байжээ.
Сонгогдсон хэсэг нь Оросын талаас дүрвэгсдийн томоохон урсгал үүсэх эрсдэлтэй юм байна.
Финландаас гадна хөрш Норвеги улс алслагдсан туйлын бүс нутагтаа ОХУ-тай 200 хүрэхгүй километр зурвасаар хиллэдэг.
Хэдийгээр хүн зорчиход хэцүү нөхцөлтэй ч тус хэсгээр нэвтэрсэн долоо дахь хил зөрчигчөө баривчилсан тухай Норвегийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Энэ удаа баривчлагдсан хил зөрчигч нь Оросын Төмөр Зам Нэгтгэлийн дарга асан Владимир Якуниний хүү Андрей Якунин байсан байна.
Владимир Якунин нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг.
Оросын хил зөрчигчид гэрэл зургийн аппарат, дрон зэргээр хил орчмын бүс нутгийг тагнан судалж байсныг тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian