Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын маргааны талаар мэдээлэл өглөө.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд байгаа юм. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг ” Төв цэнгэлдэхийн орчимд ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглагдах ёстой 38.6 га газар одоо 29 хуваагдсан. Бүх мэдээлэл нь тодорхой бий.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэж иргэн, 49 хувийг нийслэл өмчилдөг орон нутгийн оролцоотой компани гэсэн статустай.
Удирдлагын бүтцийг харвал хувьцаа эзэмшигч Т.Нямдаваа нь өөрөө ТУЗ-ийн дарга. Энэ хүн түрүү жил өөд болсон. Нэрийн асуулт нэлээд явсан. Т.Нямдаваа гэдэг хүний дүү нь өөртэй нь адил нэртэй. Бид ах нь буюу том Нямдаваа, дүү нь буюу жижиг Нямдаваа гэж регистрийн дугаараар нь ялгаж байгаа. Яг адилхан овог нэртэй хоёр хүн бий.
Том Нямдаваа буюу ах нь 51 хувийн эзэмшигч, ТУЗ-ийн дарга. Дүү нь энэ компанийнхаа ТУЗ-ийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал нь. Бидэнтэй уулзаж, энэ компанийн асуудлаар санал солилцож байгаа хүн нь Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа юм.
ТУЗ-д таван гишүүн байдгийн хоёр нь ах дүү Нямдаваа, нэг нь том Нямдаваагийн хүү Н.Булгантамир. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс хоёр хүн байгаа” гэв.