Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд 7,000 тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна.
Монголын аккумулятор дахин боловсруулах анхны үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байрыг бий болгож, 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.
Энэхүү байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг төрөөс бодлогын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийлээд, цаашид ашиглалтаас гарсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах системийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэлээ.
Зарим мэдээллийг хүргэвэл:
- Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6,250 тонн буюу 160,000 ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгальд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1,200 орчим тонн буюу 30,000 ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна.
- Энэ нь нийт хаягдлын 19 орчим хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.
- Машины аккумулятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй байдаг байна.
Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам