Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээд байна. Талийгаачийг МУГЖ И.Одончимэгийн анхны нөхөр бөгөөд том охин Номууных нь аав гэдгийг хүмүүс андахгүй сайн мэддэг байв.
Н.Зориг 1978 онд Нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид суралцахаар болж, эхлээд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцсан боловч найруулагчийн ангидаа шалгалт өгөх гэхэд нь “Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй” гэсэн гэдэг. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуульд сэтгүүлчийн ангид хуваарилагдсан боловч 1 жил суралцаад орхиж, Монголдоо буцан ирж Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангид орж, 1984 онд төгссөн байна.
Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино группт ажиллаж байгаад Хүүхэд залуучуудын театрт шилжиж тэндээ 3 жил ажиллахдаа 3 жүжгийн гол дүрд тогложээ. Улмаар Монгол телевизийн “Гал” нэгдэлд найруулагчаар ажиллаж байв.
Түүний тоглосон уран бүтээлүүдээс нь дурдвал, “Санаж яваарай”, “Загийн алим”, “Амьдралын нахиа”, “Намар нахиалсан мод”, “Нар сарны зааг”, “Ингэ буйлах цагт” гэх мэт кинонуудын гол болон туслах дүрийг бүтээж байжээ.