Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэж буй зургаан настнуудаас шалгалт авах нь хориотой.
Гэвч хувийн хэвшлийн зарим сургууль нэгдүгээр ангид элсэгчдээсээ сорил, уралдаант шалгалт авч байгаа асуудалд ямар хяналт тавьж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр энэ асуултад “Хувийн хэвшлийн, олон улсын хөтөлбөртэй сургуулиуд дээр шалгалтууд хийж байна.
Өнөөдөр надад өгсөн мэдээллээр Сингапур, Америк, Финланд, Турк, Хятад сургууль гээд улс орны нэрээр нэрлэгддэг үйл ажиллагаа нь ойлгомжгүй, ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь мэдэгдэхгүй 47 сургууль байна.
Мөн Кембрижийн хөтөлбөртэй гэдэг мөртлөө олон улсын Кембрижийн сертификатаа аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд ч бий. Тиймээс хоёр долоо хоногийн дараа олон улсын хөтөлбөртэй болон олон улсын нэр барьж үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн” гэлээ.