Дэлхийн ноён оргил Эверестэд авирхаар явсан гурван уулчны хоёр нь холбоо тасарсан талаар Монголын Уулчдын Үндэсний холбооноос өчигдөр мэдээлсэн.
Тодруулбал Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд дөрөвдүгээр кэмпэд байхдаа буюу энэ сарын 12-ны оройн 19:30 цагийн орчимд холбоо тогтоосноос хойш сураггүй болоод буй юм. Тэд өнгөрсөн Даваа гарагт буцаж ирэх ёстой байсан ч холбоо тогтоогоогүй тул албаныхан эрлийн баг гарган хайж эхлээд байна.
Аяллыг зохион байгуулагч “8K Expeditions” компаниас туршлагатай хөтөч болох Аржун Карки, Лангка Рам Таманг нарыг эрлийн багт томилсон юм. Дөрөвдүгээр кэмп нь далайн түвшнээс дээш 7,950 метрт байрладаг. Энэ бүсэд нисдэг тэргээр хайгуул хийх боломжгүй тул зөвхөн явган хөтөч нарыг ашигладаг аж.
“8K Expeditions” компанийн захирал Пемба Шерпагийн Монголын талд ирүүлсэн захидалдаа тавдугаар сарын 13-ны өглөө 08:30 цагийн орчимд оргилд гараад буцаж явсан өөр уулчдын баг 8,600 метрийн өндөрт тэднийг оргил руу өгсөж байгааг харсан байна. Тэгэхээр манай хоёр уулчныг 8,600-гаас 8,848 метрийн өндөрт байна гэж таамаглаж буй юм.
Мөн тухайн өдрийн орой өөр агентлагийн баг оргил руу авирсан боловч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан 8,400 метрийн өндрөөс буцжээ. Тэд өгсөж, буцах замдаа манай уулчдыг хараагүй байна.
Эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор Монголын Уулчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч, “Эверест – 2023” багийн ахлагч С.Ганхүү Балба улсын Катманду хотод алхалтын багтай очиж манай хоёр уулчны үйлчилгээ авч байсан “8K Expeditions” компанитай холбогдож хамтран ажиллаж байгааг холбооныхон мэдээлжээ.
Цаг агаар эрс муудсан, мөн хоёр уулчин алга болсон тул бүх уулчныг дөрөвдүгээр кэмпээс буулгасан байна.