Засаглалын тухай гурван чухал хуулийн төсөл өргөн бариад хэлэлцэж эхэлж буй энэ цаг дор УИX-ын сонгуулийн тухай хуулийн төслийн нэг заалттай холбоотой товч тайлбар хийе. Энэ нь намууд 3 хувийн босго давж байж УИX-д суудалтай болох боломж нээгдэнэ гэсэн утга бүхий заалт юм. Эвслийн тухайд босго арай өөр, хоёр нам эвсвэл 5 хувь, 3 буюу түүнээс дээш бол 7 хувь.
Үүнтэй зэрэгцээд босго даваагүй намд өгсөн саналыг хэрхэх вэ гэсэн асуулт урган гарна. Хуулийн төсөл, олон улсын жишгээр бол тийм намын саналыг босго давсан намуудад тэнцүү хувааж, цааш суудал хуваарилдаг.
Энэ нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт тухайн намд өгсөн сонгогчдын санал, эрх мэдлийн хуваарилалтад оролцож буй хэрэг буюу суудал бүхий намууд тэдний өмнө ч хариуцлага хүлээх эрх зүйн үндэс бүрдэнэ.
Хоёрдугаарт нөгөө хувилбартай нь харьцуулбал энэ нь илүү шударга. Эхний үндэслэл ойлгомжтой тул хоёр дахь үндэслэлийг авч үзье. Нөгөө хувилбар гэдэг нь босго даваагүй намд очсон саналыг огт тооцолгүй, босго давсан намуудын нийт саналыг 100% хэмээн үзэн тэдний саналыг дахин пропорцоор хуваах. Энэ нь босго давсан намуудаас дунджаас дээш санал авсан буюу том намуудад ашигтай, дунджаас доош санал авсан буюу жижиг намуудад ашиггүй. Тэнцүү хуваах нь үүний эсрэг үр дагавартай; томд нь ашиггүй, жижигт нь ашигтай.
Багахан эргэцүүлбэл энэ тун ойлгомжтой хэрэг. Гэхдээ үүнийг найдвартайгаар батлан харуулахын тулд томьёолол ашиглая.