Хятад улс чихрийн шижин өвчнийг эсийн эмчилгээ ашиглан эдгээсэн тухайгаа зарлалаа.
Өдгөө 59 настай өвчтөн 25 жилийн турш II хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн боловч цусан дахь сахарын хэмжээг хянадаг нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, өдөр бүр олон удаа инсулин тарилга хийлгэдэг болсон байна. Мөн түүнийг чихрийн шижингийн ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй байсан гэж Шанхай хотын Чанжен эмнэлгийн тэргүүлэх судлаач Инь Хао ярьж байжээ.
Өвчтөн 2021 оны долдугаар сард шинэлэг эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ.
Эс шилжүүлэн суулгаснаас хойш 11 долоо хоногийн дараа өвчтөн инсулин хийлгэх шаардлагагүй болж, цусан дахь сахарын хэмжээг хянах амны хөндийн эмийн тунг нь аажмаар бууруулж, нэг жилийн дараа бүрэн зогсоосон байна. Хяналтын шинжилгээгээр өвчтөний нойр булчирхайн үйл ажиллагаа сэргэсэн нь батлагджээ.
Канадын Бритиш Колумбийн их сургуулийн эсийн болон физиологийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Тимоти Киффер “Энэ судалгаа нь чихрийн шижин өвчний эсрэг эсийн эмчилгээний салбарт чухал ахиц дэвшил болсон гэж бодож байна” хэмээжээ.
Эх сурвалж: South China Morning Post