Австри улсын нийслэл Вена хот 2024 оны амьдрахад хамгийн таатай хотуудын нэгдүгээрт бичигдсэнээр уг жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байна.
Тодруулбал дэлхийн 173 хотыг Economist Intelligence Unit хэмээх судалгааны байгууллага боловсрол, дэд бүтэц гэх мэт үзүүлэлтээр жил бүр жагсаадаг.
Нийт таван үзүүлэлтэд үндэслэн хотуудыг жагсаадаг бөгөөд Вена нь дөрвөн үзүүлэлтэд хамгийн дээд оноог авчээ. Вена хотын араас удаах байруудад Данийн Копенхаген, Швейцарын Цюрих хотууд тус тус жагссан байна. Эхний 10 байранд Ази тивийн төлөөлөл болж Япон улсын Осака хот есдүгээрт бичигдэв.
Өнгөрсөн жил Хонконг 61 дүгээр байранд орж байсан бол энэ жил 50 дугаар байр руу урагшилсан нь Ази тивийн хамгийн өндөр ахиц үзүүлсэн хот болжээ. Харин Израилын Тел Авив хот дайны нөхцөл байдалтай холбоотойгоор 20 байр ухарч 112 дугаарт бичигдсэн байна.
Эх сурвалж: CNN