Украины цэргүүд Оросын хилээс дотогш 30 км хүртэл давшаад байгааг Москвагийн эрх баригчдын Ням гарагт өгсөн мэдээлэл баталлаа.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагийн өглөө Украины армийн анги нэгжүүд ОХУ-ын хилийг давж, Курск мужийн нутаг дэвсгэрт цөмрөн орсон нь гэнэтийн үйл явдал болсон юм.
Энэхүү ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа ч Киевийн эрх баригчид цар хүрээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа.
Харин өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлэхдээ зэвсэгт хүчин нь Курск мужийн Толпино, Обший Колодезь тосгонуудын ойролцоо Украины цэргүүдтэй тулалдаж байгааг дурдсан юм.
Эдгээр нь Орос-Украины хилээс 25-30 км зайтай оршдог тосгод ажээ.
Сошиал орчинд бас Украины цэргүүд Курск мужийн хэд хэдэн хот тосгодод нэвтэрснээ харуулсан дүрс бичлэгүүд тараагаад байна.
Өнгөрсөн хугацаанд Курскийн хил орчмын нутаг дэвсгэрээс 76,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээ Оросын тал өчигдөр мэдээлжээ.
Украины парламентын гишүүн Олексий Гончаренко зэвсэгт хүчнийхээ амжилттай ажиллагааг “энх тайван тогтоох зуун хурал чуулган хийснээс илүү үр дүнтэй” гэж магтсан байна.
“Орос улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ тулалдах шаардлага гарч, Оросын ард түмэн орон гэрээсээ дүрвэн зугтаж, бүгд биеэрээ мэдрэх нь л энэ дайныг зогсоох цорын ганц арга зам юм байна” гэж тэр BBC агентлагт ярьжээ.
Эх сурвалж: BBC