Улаанбаатар хотод маргаашаас эхлэн дөрөв хоног дуу цахилгаантай аадар, үргэлжилсэн бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комиссоос иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер ус, аянга цахилгааны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Үргэлжилсэн борооны улмаас гэр хороолол, орон сууцны хороолол, албан байгууллагын зоорийн давхар усанд автаж, тэр хэрээр дуудлага нэмэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хангахыг албаныхан зөвлөв. Түүнчлэн орон нутаг болон хотын ногоон бүсэд зорчихдаа аюулгүй замыг сонгон, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхааруулсан байна.
Агаарын температурын хувьд маргааш өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орох бөгөөд 27 хэмийн дулаан байна. Тэгвэл 15, 16-нд бороотой, бага зэрэг сэрүүсэж, өдөртөө 18-19 хэм дулаан байх төлөвтэй. Харин 17-нд өдөр болон шөнөдөө бороо орж, агаарын температур 21 хэм дулаан байна.