Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох болон Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.
Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд буюу 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгож байсан юм.
Ингэхдээ EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн гурван байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгаж байсан юм.
EPC04 багц ажлын гэрээг хэсэгчлэн байгуулах тухай тогтоол гаргаснаас хойш 2023 оны есдүгээр сарын 29-ны өдөр Үйлдвэрийн EPC 04 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructure Limited компанитай хэсэгчилсэн гэрээ байгуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч компанитай Ажил эхлүүлэх уулзалт хийсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18км авто зам, 18.6км ЦДАШ-ыг ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид болон бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаад, дотоодын инженер, техникийн ажилчдын Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы эхний 40 айлын нэг орон сууцны барилгыг 2022 онд ашиглалтад орсон боловч Хөгжлийн банкны зээл зогссонтой холбоотойгоор бусад барилгын ажил саатаад байгаа аж. Тэгвэл хамтарсан Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин