Нийслэлийн эрчим хүчний дутагдлыг нөхөх хэмжээний батарей хуримтлуурын станц байгуулах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо.
Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм байна. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбох аж.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өнгөрсөн өвөл 200 орчим МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн. Энэ жил нийслэлээс анх удаа дотооддоо бонд гаргаж, үүнээс 600 орчим тэрбум төгрөгөөр эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. 600 орчим тэрбум төгрөгөөр өнгөрсөн жил дутагдсан эрчим хүчийг нөхнө гэсэн үг.
Энэ оны аравдугаар сарын 5-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт эрчим хүчний үйлдвэрлэлийг эхлүүлэх кноп дарагдана. Тус станц энэ өдөр эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ.
Үүнээс гадна бид 300 орчим тэрбум төгрөгөөр олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт шалгарсан компанитай ажил гүйцэтгэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах гэж байна. Энэхүү тендерт БНХАУ-ын салбартаа тэргүүлэх “Энвижн Энержи” компани шалгарсан. Тус компани 2024 оны арваннэгдүгээр сарын 30-н гэхэд 50 МВт-ын батарейн станцыг төвийн эрчим хүчний системд холбож, Улаанбаатар хотод хүлээлгэж өгнө. Батарейн станцыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна.
50 МВт-ын батарейн станц нь оргил ачааллын үеэр системд эрчим хүч нийлүүлж, ачааллыг хуваалцана. Харин ачаалал буурахаар системээс гарч өөрийгөө цэнэглэх онцлогтой” гэж мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн “Батарей станц арваннэгдүгээр сарын 30-наас эрчим хүчээ нийлүүлж, Диспетчерийн Үндэсний Төвөөс өөрийн нийлүүлсэн эрчим хүчний үнийг авч, бондын эргэн төлөлтүүдийг төлнө. Өөрөөр хэлбэл нийслэлээс гаргасан бондын 300 орчим төгрөгийг олон улсын санхүүгийн корпорацад худалдаж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Улсын төсвөөс мөнгө гаргаагүй.
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ 10-аас дээш хувиар өсөж байгаа. Хэдийгээр өнгөрсөн жилийн дутагдсан эрчим хүчээ нөхөж байгаа ч эрчим хүч дутагдахаар байгаа. Эрчим Хүчний Яамтай энэхүү дутагдаж буй эрчим хүчийг хэрхэн нөхөх талаар ярилцаж байгааг хэлье” гэж тайлбарлав.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн 150 МВт эрчим хүчний үйлдвэр 2025 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох аж. 1984 оноос хойш уг цахилгаан станц шиг станц баригдаагүй юм гэж тэрбээр хэлэв.