Ази номхон далайн Эдийн засаг, Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн KAWASAKA SHINJI, Sogo Service компанийн ТУЗ-ын гишүүн, Ерөнхий захирал, Японы ерөнхий хог хаягдал цуглуулах тээвэрлэлтийн хоршооллын Гүйцэтгэх захирал SOGOU HIROYUKI, MK2 компанийн ТУЗ-ын гишүүн KAWASAKA MIYUKI нарын Япон улсын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочилж, хог хаягдлыг дахин боловсруулах талаар дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус дүүрэгт хог боловсруулах үйлдвэр барих тухай санал солилцлоо.
Нийслэлийн хэмжээнд Нарангийн энгэрийн, Морингийн болон Цагаан давааны гэсэн 3 төвлөрсөн хогийн цэг бий. Үүний хамгийн том нь буюу 100 га талбайг эзэлдэг Нарангийн энгэрийн хогийн цэг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрладаг ба нийслэлийн хог хаягдлын 60 хувь нь энд төвлөрч байгаа юм.
2009 онд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг нь Япон Улсын Засгийн газрын JICA байгууллагын \”Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна.
Мөн тухайн бүсийн хашаанд Нийслэлийн хэмжээний эмнэлэгүүдийн аюултай хог хаягдлыг устгах Элемент ХХК нь үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. Нийслэлийн хэмжээнд 2009 онд 308,439 тонн хог хаягдлыг авч байсан бол 2016 онд 988,390 тонн болж 3 дахин өссөн дүнтэй байна. Тиймээс хог хаягдлыг дахин боловсруулж түлш болон бусад хэрэгтэй зүйл гарган авах шаардлага байгааг албаны хүмүүс онцолж байлаа.
М.Солонго