Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нд нээнэ. Улаанбаатар хотын хамгийн том гэгдэж буй тус нүхэн гарцаар хэрхэн зорчих зааврыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.
Харин 10.2 метр өргөн хос туннелэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна гэж тооцоолж буй.
- Нөхөрлөлийн гудамжны авто замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын урд талаар нүхэн гарцын дээгүүр гол замтай огтлолцохгүйгээр дамжин өнгөрнө.
- Товчооны авто замаас Таван шар чиглэлийн хоёр урсгалтай авто замын хөдөлгөөн нь өөр түвшинд огтлолцоно. Төмөр замын гармаар дамжилгүй, уг нүхэн гарцаар өнгөрнө.
- Найрамдлын замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын хойд талаар, нүхэн гарцын дээгүүр дамжина.
- Зарим зүүн эргэлтийн хөдөлгөөнийг Товчооны замд шинээр хийсэн буцах эргэлт болон Таван шарын буцах эргэлтээр зохицуулах аж.