Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Умард Солонгосын 10 мянган цэрэг Оросын армид нэгдэж магадгүй байгаа тухай тагнуулын албанаас нь мэдээлсэн гэв.
Тэрбээр “Умард Солонгос 10 мянга цэргээ ОХУ-ын армид нэгдүүлэхэд бэлдэж байна. Гэхдээ одоогоор тэднийг Орос эсвэл Украины нутаг дэвсгэр рүү оруулаагүй” гэжээ.
Хэрэв дайнд Умард Солонгос оролцож эхэлбэл “дэлхийн гуравдугаар дайны эхлэл” тавигдах болно хэмээн Зеленський үзэж байгаа юм.
Энэ талаар НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Одоогоор холбоотнуудад Умард Солонгосын цэргүүд тулалдаанд оролцсон гэх нотлох баримт байхгүй.
Гэхдээ тэд Оросыг зэвсэг, технологийн хангамж гэх мэтчилэн олон талаар дэмжиж байгааг бид мэднэ. Энэ нь бидний санааг зовоож байна” гэв.
Украины Ерөнхийлөгч “ялалтын төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлснээр дайныг ирэх жилээс хэтрэлгүй дуусгах боломжтой хэмээн холбоотнууддаа танилцуулсаар байна.
Түүний төлөвлөгөөний гол хэсэг нь НАТО-оос Украиныг гишүүнээр элсэх урилга илгээх тухай заалтыг тусгасан явдал юм.
Эх сурвалж: АР