Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол хийжээ. Тус хорооны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний салбарт хийж буй үнэ тарифын шинэчлэлийн талаар өнгөрсөн мягмар гарагт /2024.10.29/ мэдээлэл өгсөн.
Эрчим хүчний үнэ тарифыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, ААН-үүдийг тус тусад нь авч үзэж судалж, тариф тогтоох юм.
Урьдчилсан байдлаар хийсэн тооцоо, судалгаандаа үндэслэн боломжит нэг хувилбарыг танилцуулсан ба уг хувилбар нь ЭХЗХ-ны албан ёсны шийдвэр болж хараахан гараагүй байгааг тэрбээр танилцуулгынхаа өмнө онцолсон.
-Эрчим хүчний зохицуулах байгууллага үүссэн 2002 оноос хойш үнэ тариф нийт 12 удаа өөрчлөгдсөн. 2022 онд ковидын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд, компаниудын орлого сайнгүй байсан ч бид ААН-үүдийн тарифыг нэмэхээс аргагүй байв. Харин айл өрхийн тарифыг нэмэлгүй хэвээр үлдээсэн.
2022 онд ААН-үүдэд хэрэглээнээс хамаарч 5000кВт/цаг хүртэлх хэрэглээтэйг 14 хувиар, 5000-аас дээшхийг 28 хувиар, уул уурхайн салбарынхны тарифыг 38 хувиар нэмсэн. Одоо бол ААН-үүдийн хэрэглээнд 5000кВт/цаг гэсэн босго тавихгүй үнэ тарифыг жигд нэмэгдүүлж байна. Бид эрчим хүчний үнэ тарифыг үйлдвэрлэсэн өртөгт нь хүргэх гол зорилго тавьж байна. Ямар ч ашиг тооцоогүй гэв.