Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны II ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны ажлын тайлан, Хоршооны гишүүн малчны зээлийн батлан даалтын явц, зарим аймгуудын хоршоологчдод хийсэн хяналт, мониторингийн тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
✅Монгол Улсын хэмжээнд /2024.12 дугаар сарын 31-ний байдлаар/ нийт 7,814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,223 малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд шинээр нэгдэн оржээ.
Үүнээс 4,853 хоршооны 20,731 малчин нийт 687 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд дээрх 687 тэрбум төгрөгийн зээл олгосноос 4.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу байгуулагдсан Шуурхай бүлэг 21 аймаг 330 суманд ажиллаж “Шинэ хоршоо” хөтөлбөрт хамрагдсан 13 мянга гаруй малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь танилцаж ажиллажээ.
Малчин хоршоологчид зээлээ зориулалтын дагуу зарцуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах, зээлийн эргэн төлөлтөд ямар нэгэн асуудал гараагүй байна.
✅Түүнчлэн улсын хэмжээнд 4,853 хоршооны 20,731 малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан. Үүнээс 3700 орчим хоршооны 11,974 малчинд нийт 290 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Цаашлаад Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв зэрэг найман аймгийн 94 сумын 1,129 хоршооний зээлийн зарцуулалтад хийсэн хяналт, мониторингийн мэдээллээр малчин хоршоологчдын 72.1 хувь нь үржлийн мал худалдан авах, 15.2 хувь нь малын хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барих, 12.6 хувь нь бусад чиглэлээр зээлээ үр дүнтэй зарцуулжээ.
✅Өнгөрсөн онд улсын хэмжээнд 21 аймгийн 168 сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 1952 нэгж талбарын 7205.53 га газрыг мал аж ахуйн үйлдвэрлэл болон мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тарих зориулалтаар тусгасан байна.
Ингэхдээ Улаанбаатар хот болон 18 аймагт малчдын хоршоонд олгохоор нийт 1287 нэгж талбарын 4434.23 га газарт төсөл сонгон шалгаруулалт зарлагджээ.
Үүнээс 18 аймаг, Улаанбаатар хотын нийт 391 хоршоонд 1563.03 га газрыг олгожээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан:
📍Малчдын хоршоонд газар олгох асуудлыг эрчимжүүлэх, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар олгох газрын хэмжээг нэмэгдүүлэх,
📍Сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар олгох газрыг тусгаж, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дүгнэлтийг үндэслэн баталж хэрэгжилтийг хангах,
📍Сумдын Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд ИТХ-ын тогтоолоор баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хоршоонд олгох газрын байршлууд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллахыг санууллаа.