Кока-Кола ундааг савлаж, Европ даяар түгээдэг нэгж компани их хэмжээний бүтээгдэхүүнээ худалдаанаас эргүүлэн татаж байгаагаа Даваа гаригт мэдэгдлээ.
Хүний эрүүл мэндэд аюултай хлорат гэх бодис Кола, Спрайт зэрэг ундаанд их хэмжээгээр илэрсэн тул дээрх арга хэмжээг авсан байна.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар Бельги, Нидерланд, Британи, Герман, Франц, Люксембург улсуудад арваннэгдүгээр сараас хойш түгээсэн лаазтай болон шилтэй ундаануудад бодисын түвшин хэвийн хэмжээнээс их байжээ. Яг хэдий хэмжээний гэдгийг тодорхой хэлээгүй ч нэлээд их байсан гэж үзэж байна.
Хлорат нь ус цэвэршүүлэх болон хүнсний боловсруулалтад өргөн хэрэглэгддэг хлорын ариутгагч бодисоос гаралтай тул хүнсний бүтээгдэхүүний найрлагаас илрэх нь бий. Гэхдээ хлоратыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг Европын хүнсний аюулгүй байдлын газар 2015 онд мэдээлжээ.
Энэ нь иодын хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай хүүхдэд нэн ялангуяа хамааралтай.
“Coca-Cola Europacific Partners Belgium” фирм зарагдаж амжаагүй бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийг нь дэлгүүрүүдийн лангуунаас эргүүлэн татсан бөгөөд үлдсэн бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс гаргах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Гэхдээ тус компанийн Франц дахь салбарт хараат бус шинжээчид дүн шинжилгээ хийгээд ямар нэгэн эрсдэл гарах магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хэрэглэгчээс одоогоор гомдол хүлээж аваагүй байгаа гэв.
Хлоратын хэмжээ хэтэрсэн гэх бүтээгдэхүүнүүд нь “328 GE”-ээс “338 GE” хүртэлх үйлдвэрлэлийн кодтой “Minute Maid”, “Nalu”, “Royal Bliss” болон “Tropico” брэндийн ундаанууд байжээ.