\”Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Ч.Содномпил, ОУ-ын зөвлөх Лионел Женти, Үндэсний зөвлөх А.Болд нар өчигдөр /2017.04.17/ эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт төслийн үйл ажиллагааны явцын талаар танилцууллаа.
Уг төсөл АХБ-ны санхүүжилтээр 2016 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 6 эмнэлгийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн тухай тушаалын дагуу ЭМЯ-ны харьяа УГТЭ, АӨСҮТ, ЧД-ийн ЭМТ, Төв, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүд сонгогдон хамрагдаж байгаа юм. Одоогоор тухайн эмнэлгүүдэд ямар чиглэлийн сургалт явуулах шаардлагатай байгаа талаар үнэлгээ хийгдэн, нэгтгэгдэж, тус үнэлгээнээс гарсан чиглэлийн дагуу сургалт зохион байгуулахаар гарын авлага бусад материалуудыг эмхэтгэж байгаа аж. Мөн тус төслийн зүгээс \”Удирдах зөвлөлийн гишүүдэд олон нийтийн төлөөллийг оролцуулах” журам, \”Эмнэлгийн дарга нарыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хэрхэн сонгох тухай” журмыг тус тус боловсруулан батлуулсан байна.
Энэхүү төслийн үр дүнд эмнэлгийн үйл ажиллагаа болоод хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч, байгууллагын бие даасан байдал бэхжих юм.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ