Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал нийслэлчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын долоодугаар хуралдаанаар хотын даргад чиглэл өгч, үе шаттай арга хэмжээ авсаар байна. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлын асуудлыг улирал харгалзахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан уулзалтад хотын дарга оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу хяналтыг сайжруулна. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.