Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хуулийн төслөөр дөрөв хоногийн завсарлага авав.
Тэрбээр \”Энэ хуулийн төсөл хоёр парламент дамжиж хэлэлцэгдэж байгаа. Яг одоогийн байдлаар Засгийн газраас орж ирсэн төсөл нэлээд өөрчлөгдөж, ажлын хэсэг дээр олон асуудал дээр маргаантай буюу ойлгомжгүй зүйлүүд байгаа. Тухайлбал, хэргийг гурван шатны шүүхээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад буцаана гэдэг саналыг ажлыг хэсэг оруулж ирж байгаа. Үүнийг Ардчилсан намын бүлэг ухралт болж байна гэж харж байгаа. Хүний эрхийг дордуулсан зээлт оруулж ирж байна. Шүүгдэгч, яллагдагчийн эрх дордох болно. Эрүүгийн эрх зүйн болоод онолын талаасаа ч тэр ухралт болж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлмээр байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах урьдчилан хэлэлцүүлэг, баривчлах хугацаа, мөрдөн шалгах ажиллагааны зардал зэрэг олон асуудал дээр бидний хооронд үл ойлголцол байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны зардлыг хэн төлөх вэ гэдэг дээр тодорхой зохицуулалтууд орж ирээгүй байна. Гуравдугаарт, ажлын хэсгээс үзлэг нэгжлэг хийхдээ зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хийнэ гэж орж ирсэн. Олон улсын жишгээр бол хүний халдашгүй эрхэнд шүүхийн халдаж байгаа. Гэтэл ажлын хэсгээс прокурорын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэх хийх буюу хүний орон байр зэрэг халдашгүй орон зайд халддаг болох санал оруулж ирж байгааг Ардчилсан намын бүлэг буруу зүйл болж байна гэж харж байгаа. Хүний эрхийн европын шүүх, хүний эрхийн тунхаглал гээд олон зүйлтэй манай энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл зөрчилдөж байна гээд олон асуудал байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг дахин нухацтай хэлэлцэж, ярилцаж оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа учир завсарлага авч байгаагаа илэрхийлж байна. УИХ-ын дарга энэ асуудал дээр завсарлага өгнө үү” гэв.