Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Шалгалтын ажиллагааны талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд “Нэр бүхий иргэдээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Мэдээлэлд дурдсан асуудал тус бүрд Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар 22.12.1, 18.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байна. Нийт дөрвөн хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 22.12 дугаар зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах 1. Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах 1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.











































































