АНУ-ын Айдахо мужид болсон агаарын шоуны үеэр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр сөнөөгч онгоц агаарт мөргөлдөн сүйрчээ.
Ослын үеэр онгоцуудад нийт дөрвөн нисэх багийн гишүүн байсан бөгөөд бүгд ослын дараа шүхрээр амжилттай газардсан байна. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд нэг хүн хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ.
Осол Айдахо дахь агаарын цэргийн баазын ойролцоо болсон бөгөөд онгоцууд агаарын үзүүлбэрийн нислэг хийж байх үедээ мөргөлдсөн байна. Үзэгчдийн бичсэн дүрс бичлэгүүдэд хоёр онгоц маш ойр нисэж байгаад хоорондоо шүргэлцэн эргэлдэж, улмаар газар руу унаж дэлбэрч буй нь харагджээ. Харин үүнээс хэдхэн секундын өмнө дөрвөн шүхэр нээгдэн нисгэгчид аюулгүй үсэрч чадсан байна.
Эх сурвалж: BBC




































































