Вьетнам улсад хүнсний зориулалтаар нядалгаанд оруулах гэж байсан 400 гаруй муурыг цагдаа нар аварчээ. Муурыг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэл болох есөн хүнийг мөн баривчлаад байна. Нийт 400 гаруй амьд муур болон 80 үхсэн муур байсан бөгөөд үхсэн мууруудыг мөсөн дунд хадгалж байжээ. Мөн өөр нэг байгууламжаас 21 муурыг хураан авсан байна.
Вьетнам улсад муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг. Гэхдээ худалдаачид тухайн амьтдын гарал үүслийн бичгийг шаарддаг.
Цагдаа нар Хо Ши Мин хотод гэрийн тэжээвэр амьтдын хулгайн хэргүүдийг мөрдөн байцаасны эцэст зургадугаар сарын 11-нд уг бүлэглэлийг илрүүлсэн байна. Сэжигтнүүд сүүлийн гурван жилийн турш улс даяар муур цуглуулж, хулгайлжээ. Тэд хулгайлсан мууруудаа тусдаа байранд хорьж байлгаж байгаад, 2-3 өдөр тутамд худалдаачдад нийлүүлдэг байжээ.
Аврагдсан мууруудаас 40 орчмыг нь эздэд нь эргүүлэн өгснийг нь “Амьтдад ээлтэй хүмүүнлэг ертөнц” байгууллага мэдэгдэв. Тус байгууллага ийм олон амьтны амь аварсан төр засагт талархал илэрхийлж байна. Харамсалтай нь, хэрэг илрэх хүртэл цөөнгүй амьтан нас барсан тохиолдол ч гарчээ.
Одоогоор эздэдээ очоогүй байгаа мууруудыг аюулгүй газарт хоол хүнс болон бусад хэрэгцээгээр нь ханган байрлуулж байна. Мөн тэжээвэр амьтнаа алдсан иргэдийг хүрч ирж, амьтан нь мөн эсэхийг танихыг хүсчээ.
“Амьтдад ээлтэй хүмүүнлэг ертөнц” байгууллагын мэдээлж буйгаар, Вьетнам улсад жил бүр таван сая нохой, нэг сая муурыг хүнсний зориулалтаар барьж, хулгайлж, шилжүүлдэг. Тэжээвэр амьтдыг ихэвчлэн гэрээс нь хулгайлдаг. Нохой, мууруудыг хортой өгөөш, төмөр урхи ашиглан барьдаг аж. Бусад Азийн орныг бодвол Вьетнамд нохой, муурын хэрэглээ өндөр байгаа ч энэ чиг хандлага бага багаар өөрчлөгдсөөр байгаа юм. 2023 оны судалгааг харвал иргэд олон нийт, тэр дундаа залуу хүмүүс, гэрийн тэжээвэр амьтантай хүмүүс үүнийг эсэргүүцэх нь ихэсчээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC







































































