Үндэсний аудитын газар саяхан 32 төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, 32 ТЕЗ-ийн 12-т нь өөрчлөлтгүй дүгнэлт өгсөн бол 20-д нь хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн юм.
Хязгаарлалттай дүгнэлт авсан 20 ТЕЗ-ийн нэг нь Эрчим хүчний яам. Тодруулбал, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 680.4 тэрбум төгрөгийн 213 зөрчил илэрчээ.
Тэгвэл ийнхүү хязгаарлалттай дүгнэлтэд дурдагдсан анхаарал татахуйц асуудлуудыг хүргэе.
-Б.Чойжилсүрэн сайдын санхүүгийн тайлангаас 288.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ-
Аудитын байгууллагаас ЭХ-ний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ 33 газрыг хамруулжээ. Тус байгууллагуудаас нийт 680 тэрбум төгрөгийн 213 зөрчил илэрсэн байгаа юм. Харин Эрчим хүчний сайдын санхүүгийн тайлангаас 288.3 тэрбум төгрөгийн хоёр зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, тухайн тайланд онд салбарын сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байсан билээ.
-ТӨҮГ-уудад 44.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний татаас олгожээ-
2025 онд Эрчим хүчний сайдын тушаалаар хэд хэдэн газруудад татаас санхүүжилт олгожээ. Эдгээр дундаас, төрийн өмчит үйлдвэрийн газруудад 44.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний татаас олгосон байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн түүх соёлын өвийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх зардлыг ЭХЯ-ны урсгал зардлаас олгохоор баталсан боловч татаас, шилжүүлгээс 3.6 тэрбум төгрөгийг гүйлгэн зарцуулсан талаар дурджээ.
-30 ТӨК-д найдваргүй болон олон жилийн насжилттай 6 тэрбум төгрөгийн авлага байна-
Эрчим хүчний яамны харьяа 30 төрийн өмчит хувьцаат компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 2025 оны байдлаар авч үзжээ. Ингэхдээ нийт орлого 2.7 их наяд төгрөг, нийт зардал 2.7 их наяд төгрөг, нийт хөрөнгө 1.9 их наяд төгрөг байгаа бол 1.1 их наяд төгрөгийн өр төлбөртэй гэжээ. Түүнчлэн найдваргүй болон олон жилийн насжилттай авлага 6 тэрбум төгрөг байна. Ингэхдээ Амгалан дулааны станц ТӨХК 14.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлээгүй байна.
-ЭХЯ-ны харьяа 30 ТӨК-ийн 24 нь 2025 онд 43.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ-
Тэгвэл эл компаниудаас 10 нь 11 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 24 нь 43.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Алдагдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
-Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор үнэ тарифыг батлахдаа зорилтот түвшинд төлөвлөсөн борлуулалтын орлогыг бууруулсан;
-Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл болон бусад төслийн хэрэгжилтэд валютын ханшийн өөрчлөлт ихээхэн нөлөөлж, компаниудын ашигт ажиллагааг бууруулсан гэв.
Үүнтэй холбоотойгоор аудитын байгууллагаас цаашид Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталсан тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, алдагдлыг бууруулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, тарифын бодлогыг оновчтой болгох зэрэг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлтэд тусгасан байна.
-61.5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөлгүй үлдээснээс болж өрийн хэмжээ нэмэгдсэн-
Эрчим хүчний яам нь Сангийн яамаар дамжуулан гадаадын 9 банкны эх үүсвэрээр 1993-2048 онуудад хэрэгжүүлэхээр урт хугацааны дамжуулан зээлийн гэрээг байгуулсан байна. 2025 онд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 101.4 тэрбум төгрөг төлөхөөс 39.9 тэрбум төгрөгийг төлж, 61.5 тэрбум төгрөгийг төлөөгүй үлдээснээр өрийн хэмжээ нэмэгджээ.











































































