Прокурорын байгууллагаас Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Г-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм.
Тодруулбал, Д.Г нь 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагчдад 421,530 ам.доллар буюу 1.43 тэрбум төгрөг, мөн тухайн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 447.9 сая төгрөг шилжүүлэн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгагдаж байна.
Мөн тэрээр 2022 оны А/28, А/52 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалуудыг гаргаж, 796,656 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөртөө олгохоор шийдвэрлэж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.
Уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УПЕГ








































































