Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр /2026.08.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 97 шатахуун түгээх станцад нийт 873 тонн, орон нутгийн 37 шатахуун түгээх станцад 370 тонн газрын тосны бүтээгдэхүүн байна. АИ-92 автобензиний түгээлт үргэлжилж байна. Манай улсад 2700 тонн автобензин шинээр орж ирсэн. Үүнээс гадна 65 вагон буюу 4000 орчим тонн автобензин тээвэрлэлтийн замд явж байна. Татан авалтыг эрчимжүүлж, наймдугаар сарын 17-ноос улсын хэмжээнд шатахууны түгээлтийг хэвийн болгохоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон холбогдох аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулалтын ажлыг хийж байна.
Бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн тухайд Засгийн газар тодорхой бодлого баримталж, эх үүсвэрээс аль болох хямд үнээр татан авахад анхаарч байна. Харин зах зээлд нийлүүлэгдэж буй бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ үндсэндээ чөлөөтэй байгаа.
Өнгөрсөн саруудад дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй томоохон сорилт тулгарсан. Энэ үед Засгийн газар татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа хүлээх зэрэг арга хэмжээг авч, дэлхийн зах зээл дэх дараагийн сарын үнийн нөхцөлтэй уялдуулан шийдвэрүүд гаргасан. Ингэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, дизель түлшний үнийг 850 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин дараагийн саруудад үнэ буурсантай холбоотойгоор 150 төгрөгөөр буулгасан.
Одоо дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үнэ дахин өсөж байгаа нөхцөлд АИ-92 автобензиний үнийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. АИ-92 бол хэрэглэгчдийн дийлэнх нь хэрэглэдэг гол бүтээгдэхүүн. Тиймээс өнөөдрийнх шиг хангамжийн хомсдол үүссэн нөхцөлд үнийг бүрэн чөлөөтэй орхих боломжгүй талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж, хэлэлцэж байна.
Нийлүүлэлт багассан үед хууль бус шаглан дамлах явдал нэмэгдэж, үнэ огцом өсөх эрсдэл бий. Хэрэв зах зээлийг бүрэн чөлөөтэй орхивол АИ-92 автобензиний үнэ 5000 төгрөгт хүрэх нөхцөл үүсэж болзошгүй.
Тиймээс Засгийн газар тодорхой бодлого баримталж, үнийг бүрэн чөлөөтэй орхихгүй. Харин импортын өртөг нэмэгдсэн бодит хэмжээнд тулгуурлан үнийн зохицуулалтын асуудлыг авч үзэх шаардлагатай. Үнийн зөвлөл одоогоор албан ёсоор хуралдаагүй байна. Зарим аж ахуйн нэгж тодорхой хэмжээнд алдагдалтай ажиллаж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учраас зөвхөн үнийн асуудлаас гадна хангамжийг тогтвортой байлгахад гол анхаарлаа хандуулах ёстой.
Цаашид АИ-92 автобензинийг зах зээлийн бүрэн горимд шилжүүлэх асуудал яригдаж байгаа ч өнөөдрийн хомсдолтой нөхцөлд үнийг шууд чөлөөтэй тавих боломжгүй. Юуны өмнө хангамжаа тогтвортой болгох шаардлагатай.
Үүний тулд хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг бий болгох, газрын тосны бүтээгдэхүүний агуулах савны багтаамжийг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах ажлуудыг эрчимжүүлж байна. Зөвхөн энэ жил 150 мянган шоо метр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах сав ашиглалтад орно. Харин 2028 он гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээг хангах хэмжээний стратегийн нөөцийн савтай болох зорилт тавьж байна. Үүнтэй зэрэгцэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс олон арван жилийн турш давтагдсан шатахууны хомсдол, тасалдал, шаглан дамлах асуудлаас үе шаттайгаар гарч, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамжтай болох боломж бүрдэнэ. Хамгийн гол нь монголчууд тодорхой хэмжээний тогтвортой үнээр, тасалдалгүй шатахуунаар хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө эдгээр ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.









































































