Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Тэрбээр, “Өнөөдөр Ерөнхий сайдад ажлаа танилцууллаа. Болж байгаа нөхцөл байдалд тайван хандаж төр, засгаа ойлгож байгаа иргэддээ баярлалаа. Шатахууны хангалт, нийлүүлэлтийн маш том бэрхшээлийг дэлхий даяараа туулж байна. Монгол Улс сард 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянга, есдүгээр сард 62 мянган тонн шатахуун импортолсон. ОХУ хоёр хоногийн өмнөөс эхэлж экспортын хэмжээгээ нууцалж эхэлсэн. ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаагийн бөмбөгдөлтөд өртсөн. Дотооддоо хүртэл нөхцөл байдал нь хүнд байна.Тиймээс бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэж манай улс руу нийлүүлдэг үйлдвэр сардаа 70 мянган тонныг өгдөг байсан бол одоо сард 54-55 мянган тонныг өгч байна. Оруулж ирэх нийлүүлэлт жаахан багасахад л эрэлт үүсээд байна. Энгийн үед өдөрт 1000 тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 1700 тонныг аваад шок арилахгүй байна. Орж ирэх хэмжээ багассан. Ачилт жаахан багасахад тасалдал үүсч байгаа.
Аравдугаар сард 78 мянган тонн шатахууныг Хятад улсаас авахаар болсон. Хэд хоногоос тасалдал арилна. Гэхдээ ирэх сард яахыг мэдэхгүй байна.
АНУ дизелийн бүтээгдэхүүний экпортоо хориглочихсон. Мөн өчигдөр БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглох шийдвэрийг гаргасан. Цаашид шатахуун нөөцлөх саваа нэмэгдүүлнэ. Онгоцны түлш болон дизель түлшний нийлүүлэлт бол хэвийн болсон. Харин АИ-92 шатахууны нийлүүлэлт дэлхий дахинд хүнд байна. Бид аль болох олон эх үүсвэрээс импортлохыг хичээж байгаа. Миний хувьд ОХУ-руу 10 удаа явсан. Одоо дахин ОХУ, Сингапур, Беларусь улстай уулзахаар тохирсон. Монгол Улс үйлдвэрлэгч биш. Тиймээс 1000, 500 тонн гэлгүй шатахуун өгч байгаа улсуудтай гэрээ хийнэ. Ганц Монгол Улс шатахууны хомсдолд ороод байгаа юм биш, дэлхий дахинд хүнд байна.
АИ-92 шатахууныг хамгийн боломжит үнээр буюу дэлхийн зах зээлийн жишгээр зарж байгаа.
30-аад жил хийгдээгүй шатахуун нөөцлөх савны асуудлыг шийдэж байна. 20 гаруй жил хийгээгүй Петрочайнагийн асуудлыг шийдэж, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж байна. Мөн олон эх үүсвэрээс шатахуун авахаар ажиллаж байгаа. Энэ мэт ажлуудыг хийж байна. Засгийн газар болон намайг огцруулаад дэлхийн шатахууны асуудал хангалт нийлүүлэлт хэвийн болдог бол шууд одоо больчихмоор байна. Монгол Улсын Засгийн газар шатахуун зардаггүй. Бид зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлдэг. Байгаа юмыг өгөхгүй, дэлхийн нөхцөл байдал хэвийн байхад шатахуун өгөхгүй байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.









































































