УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох асуудлаар өнөөдөр /2026.10.12/ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Миний хувьд намын дарга болон бүлгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэвч намын ажлын ачаалал их, томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тодорхой хугацаагаар буюу долоо хоног хойшлуулсны дараа өнөөдөр санал хураалт явуулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүнээс 41 нь өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа бөгөөд Х.Баттулга гишүүн эзгүй байгаа тул санал хураалтад оролцоогүй.
Өнгөрсөн долоо хоногт таван гишүүн эзгүй байсан учраас аль болох олон гишүүний оролцоотойгоор шийдвэрээ гаргая гэсэн саналын дагуу өнөөдөр санал хураалт явуулж байна. Удахгүй санал хураалтын дүн гарна. Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хувьд Ардчилсан намын бодлогыг бүрэн зангидаж, бүлгийг удирдан ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Миний хувьд нэр дэвшигчдийн хэн нь ч бүлгийг бүрэн дүүрэн удирдаад явах боломжтой гэдэгт сэтгэл хангалуун байна. Бүлгийн даргын ажлыг шилжүүлэхийг шаардсан тодорхой шалтгаан надад байхгүй. Зарим гишүүн энэ асуудлыг түр хойшлуулах санал удаа дараа тавьж байсан. Харин миний хувьд бүлгийн даргын ажлыг өөр хүнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Учир нь УИХ-ын бүлгийн ажил нь төрийн ажлын цаг хугацаатай, тогтсон үйл явцын дагуу явагддаг. Бүлгийн ажилд оролцохын зэрэгцээ намын ажлаа амжуулахад хүндрэл үүсэж, орон нутагт хийх зарим ажлаа цалгардуулах нөхцөл бий болсон. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.






































































